Бидний тухай

       Нисэхийн сургалтын төв нь ИНД-141 “Иргэнийн нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон “Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ”-ээр гэрчилгээжсэн, иргэний нисэхийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр анхан, давтан, дадлага сургалт, мэдээлэл олгох, танилцах сургалтуудыг зохион байгуулдаг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн Жинхэнэ гишүүн, нисэхийн мэргэжлийн сургалтын байгууллага юм.

        Нисэхийн сургалтын төв нь 2016 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн жинхэнэ гишүүн байгууллага болсон бөгөөд иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн дадлага олгох, зөв хандлага төлөвшүүлэх, ICAO-ийн стандарт, шаардлага, зөвлөмжүүдэд нийцүүлэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг олон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

       НСТ-ийн үйл ажиллагаанд “Боловсролын тухай” Монгол Улсын хууль, “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнүүд болон ICAO-ийн баримт бичгүүд, ИНЕГ-аас гаргаж буй хүний хөгжил, сургалттай холбогдолтой дүрэм журам, тушаал шийдвэрүүд, НСТ-ийн “Үйл ажиллагааны заавар”, “Чанарын гарын авлага”, бусад холбогдох журмууд болон ИНЕГ-ын дотоод сургалтын төлөвлөгөөг тус тус удирдлага болгон ажиллаж байна.

       Нисэхийн сургалтын төв нь нийт 27 орон тооны ажилтан болон 60 гаруй орон тооны бус, гэрээт багш нарын бүрэлдэхүүнтэйгээр онолын хичээлийн, бүсийн болон цамхагийн дадлагажуур, компьютерийн танхимд тус тус зохион байгуулдаг.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1925 онд нисэх онгоцны “бага мэргэжилтэн” бэлтгэх анхны курс байгуулагджээ. ЗХУ-ын мэргэжилтнүүдийг монгол залуус дагалдан суралцаж, нэлээд тооны нисэх мэргэжлийн үндэсний боловсон хүчинтэй болжээ.
  • 1928 онд Нисэх онгоцны анхны монгол техникчтэй болов.
  • 1929 онд Анхны монгол нисэн хянагчидтай (штурман) боллоо.
  • 1931 он. Монголын анхны нисгэгчид гарлаа.
  • 1932 он. Нисгэгч бэлтгэх анхны нисэх сургууль байгуулав.
  • 1978 оны 9-р сарын 15-нд Сайд нарын Зөвлөлийн 298-р тогтоолоор Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтан ажилчдын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Байнгын курс байгуулжээ. Энэ үеэс иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг бэлтгэх байнгын сургалттай болсноор өдгөө 40 дэх жилийнхээ ойтой золгож байна.
  • 1980 оны 6-р сард Байнгын курс нь анхныхаа давтан төгсөлтийг хийжээ.
  • 1982 онд Ан-2 онгоцны нисгэгчдийн анхны төгсөлтийг хийв.
  • 1992 оны 8-р сарын 10-ны өдрийн Монгол Улсын Боловсролын сайд, “МИАТ” компанийн Ерөнхий захирлын хамтарсан тушаалаар “МИАТ” компанийн сургалтын төвийн материаллаг бааз, багшлах боловсон хүчинд түшиглэн Нисэхийн дунд сургуулийг 1992 оны 9-р сарын 1-нээс хичээллүүлэх болжээ.
  • 1994 онд ИНЕГ-ын даргын тушаалаар Нисэхийн дунд сургууль татан буугдаж, ИНЕГ-ын Сургалтын төв, “МИАТ” компаний сургалтын төв болон 2 тусдаа зохион байгуулагдсан. Энэ үед “МИАТ” компанийн сургалтын төвд Ан-24, Ан-26 онгоцны тренажерыг ОХУ-ын Эрхүү хотоос авчирч суурилуулжээ.
  • 2012 оны 12-р сарын 27-нд Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн дэмжигч (Associate Member) гишүүнээр элссэн.
  • 2013 оны 12-р сарын 30-нд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001-2010-ыг нэвтрүүлэв.
  • 2016 оны 12-р сарын 16-нд Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн жинхэнэ (Full Member) гишүүн болсон.
  • “Aeronautical Information Management Specialist” 021/122/AIS AIM SPC стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийн хүрээнд анхны олон улсын сургалтыг ICAO-аас албан ёсны зөвшөөрөл авсны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд амжилттай зохион байгуулав.