​Massive open online course буюу MOOC гэж юу вэ?

Сайн байцгаана уу? Хязгааргүй их мэдээ мэдээлэл, цахим сүлжээ, техник технологийн дэвшилтэт эрин үед амьдарч буй бид бүхэн хэрхэн интернэтэд буй асар их мэдээллийг өөрт хэрэгтэй, зөв ашиглах талаас та бүхэнд богино мэдээллүүдийг хүргэхээр зорьж байна. Энэ удаагийн нийтлэлд олон улсад нэрлэж заншсанаар M.O.O.C гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

        MOOC гэх товчилол нь “Massive open online course” буюу нийтэд нээлттэй онлайн хичээл/сургалт юм. Интернэтийн эрин үе эхлэхийн өмнө телевизийн сувгууд болон фм, радиогоор богино хэмжээний ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хичээлүүдийг хүргэдэг байсан гэвч энэ нь хүлээн авагчдад хүртээлгүй байсан нь илэрчээ. 2000 оноос эхлэн интернэт, цахим сүлжээ маш хурдтай хөгжихийн хажуугаар Е-сургалт буюу цахим, зайн сургалтууд бий болжээ. Үүний үр дүнд 2008 онд анх нийтэд нээлттэй онлайн сургалт буюу MOOC бий болж, 2012 оноос эрчээ авч одоог хүртэл Дэлхий дахинд өргөн хэрэглэгдэх болсон.

         Олон нийтэд нээлттэй онлайн хичээл нь та бүхний мэдэх Е-сургалтаас ялгаатай, Е-сургалт ихэвчлэн олон нийтэд бус тодорхой бүлэг хүмүүст зориулагдсан байдаг бол MOOC илүү олныг хамруулахаар, нийтэд зориулагдсан бөгөөд тухайн сэдвийг судлахыг хүссэн хүн бүрт нээлттэй байдаг. Та бүхний сайн мэдэх Стэнфорд,Харвард, MIT, Оксфорд гэх мэт Дэлхийд чансаагаараа эхний 10-т багтдаг их,дээд сургуулиуудын лекц,хичээлүүдийг үнэгүй хүлээн авч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг үнэгүй сурах боломжийг олгодог юм. Та нийгмийн ухааны салбараас эхлэн шинжлэх ухааны салбар хүртэл их, дээд сургуульд байдаг бүх л салбарын хичээл, сургалтуудыг үнэгүй сурах сайхан боломж бидэнд байна. Сургалтын үйл явцыг илүү тодруулвал, аливаа нэг хичээл сонгоход чиглүүлэгч багштай байдаг бөгөөд ихэвчлэн гадны сайн сургуулиуудын доктор,профессор удирдаж байдаг. Удирдагч таньд онлайн орчинд мэдлэг олгох болон таныг шалгах бүх аргыг хэрэглэн видео хичээл,лекц, унших материал, богино тест, үнэлгээ гэх мэт зүйлсийг онлайн орчноор дамжуулан хүргэдэг. Мөн таны сонгосон сургалтыг таньтай адил зэрэг судлаж буй бусад оролцогчидтой хамт нэгэн зэрэг явагддаг бөгөөд нэг ангийхантай адил юм.

           MOOC ихэнхдээ 4-8 долоо хоногийн хооронд явагддаг бөгөөд 7 хоног болгон шинэ сэдэв үзэж, багшийн илгээсэн энгийн даалгаваруудыг гүйцэтгэж, бусад суралцагчидтай онлайн орчинд хэлэлцүүлэг явуулж мэдлэгээ бататгах үйл явцаар явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс нэг зүйлийг судлахаар онлайн орчинд цугласан хүмүүсийн дунд ижил сонирхолтой найзаа олж, ойлгохгүй зүйлсээ асууж, хуваалцах нь элбэг тохиолддог. Сургалт дуусахад хэрэв та үзсэн хичээл, сэдвээ баталгаажуулахыг хүсвэл мөнгө төлөн сертификат авч болно.

        Дэлхийн хамгийн их хандалттай, хамгийн сайн онлайн боловсрол олгодог 5 сайтуудыг та бүхэнд хүргье:

1.https://www.edx.org/

Харвардын болон MIT хамтран үүсгэн байгуулсан EdX.org бол сургалтыг хүмүүст хамгийн сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хүргэхээр бүтээгдсэн сайт гэж үздэг. Дэлхийн чансаад дээгүүр бичигддэг топ 29 их дээд сургуульуудын хичээл байдаг бөгөөд хамгийн сайн багш, профессоруудаар удирдуулдаг байна.

2.https://www.saylor.org/

2008 онд байгуулагдсан уг сайт магадлан итгэмжлэгдсэн хамгийн сайн профессор, багш, чиглүүлэгчдийг сонгон авдгаараа шилдгүүдийн нэгт тооцогддог. Мөн хичээлийн төгсгөлд эцсийн шалгалт авч үнэлдэг бөгөөд шалгалтанд тэнцэгчид хичээлийн батламжийг үнэгүй авах боломжийг олгодог.

3. https://www.coursera.org/

Уг платформын давуу тал нь Дэлхийн 107 өөр их дээд сургуулиуудтай хамтран ажилладаг бөгөөд тухайн сургуульд элсэх юм бол давуу тал болдог юм.

4.https://www.udemy.com/

Хэрэв та өөрийн судлаж буй хичээл, өөрийн эзэмшсэн мэргэжлээс тэс өөр шинэ зүйл сонирхож өөр салбарлуу хөрвөхийг хүсэж байвал udemy хамгийн зөв сонголт юм. Өөрийгөө сорихыг хүссэн салбарыг сонгон хамгийн хурдан,өгөөжтэй мөн ойлгомжтой талаас нь шинэ зүйлд сургахыг эрмэлздэг udemy туслах болно.

5.http://www.extension.harvard.edu/academics/online-campus-courses

Харвардын Их Сургуулиаас гаргадаг онлайн сургалтууд онлайн видео дуудлагаар хэлэлцүүлэг өрнүүлдгээр онцлогтой. Хичээлүүд бүтэн нэг семестрийн турш явагддаг бөгөөд тодорхой хуваарийн дагуу шалгалт болон гэрийн даалгаваруудыг авдаг. Зарим тохиолдол сургалтууд эрчимтэй 7 хоногийн сургууль дээрх онлайн бус лекцүүдэд хамруулдаг байна.

  • Бусад сайтуудыг харахыг хүсвэл:
  • https://studentcompetitions.com/posts/10-mooc-websites-to-start-your-free-online-education
  • Ингээд та бүхэнд өндөр хурдны интернэт, компьютер болон хичээлээ ойлгох зохих хэмжээний англи хэлний мэдлэг байхад бүх зүйл таны өмнө нээлттэй байна.
  • Амжилт хүсье!

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Massive_open_online_course