Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод “6TH GLOBAL AVIATION TRAINING & TRAINAIR PLUS SYMPOSIUM” 12 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын “Глобал иргэний нисэхийн сургалт, TRAINAIR PLUS хөтөлбөрийн нэгдсэн симпозиум” нь Бүгд найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотод 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Нисэхийн сургалтын төвийн Бүсийн дадлагажуурын нисэгч мэргэжилтэн С.Бадрал хамрагдав.

Хурлаар 2020 оны төсөв, “GAT”-ийн хэрэгжүүлэх бодлого тодорхойлох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, гишүүн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургалтын байгууллагын боловсруулах стандартчилагдсан багц сургалтын хөтөлбөрийг нэмэгдүүлэх, хөтөлбөр солилцох, гишүүн байгууллагын хураамжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, дараагийн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулах журам, авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээнүүдийг тус тус хэлэлцсэн.

ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фан Лю 6-р хурал оролцогсдод хандаж гаргасан уриалгадаа нисэхийн сургалтын шинэчлэлт хийхийг уриалаад ICAO стандарт гаргагчийн хувьд инновацийг бүх хэлбэрээр боловсруулж, улс үндэстэн хоорондын агаарын тээврийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтийн хүчирхэг болгосон харилцаа холбоог хангах ёстой. 21 дүгээр зууны агаарын тээврийн болон зорчигч тээврийн ачааллыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх нь маш чухал. Бид энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн нисэхийн сургалтын оновчтой шийдлийг гаргах боломжийг олгох үүднээс шинэ, шинэлэг технологийн чиг хандлагыг тодорхойлох нь нэн чухал байна хэмээн онцолжээ.

Тус симпозиум нь ICAO-ийн Глобал иргэний нисэхийн сургалтын байгууллага /Global Aviation Training office/-аас гаргасан хөтөлбөрийн дагуу явагдсан ба дараах агуулгын дагуу зохион байгуулагдсан болно. Үүнд:

  1. ICAO-ийн гишүүн улс орнууд, иргэний нисэхийн сургалтын байгууллагуудын 400 гаруй төлөөлөгчид энэхүү нэгдсэн симпозиумд хамрагдсан бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудыг хамарсан өргөн хүрээтэй, чухал арга хэмжээ болов. Тухайлбал:
      • ICAO-ийн  Техникийн хамтын ажиллагаа, сургалтын хэсгийн дэд дарга Мешиша Белайнэ
      • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэхийн яамны нарийн бичгийн дарга Прадееп Сингх Карола,
      • БНЭУ-ын GMR группийн GMR нисэхийн академийн захирал Рао нар оролцож, үг хэлэв.
  1. Уг симпозиумаар иргэний нисэхийн салбарт интернет, дижитал орчин, шинэ технологийн хурдацтай хөгжлийн эерэг, сөрөг талын тухай болон дэвшилтэт технологийг иргэний нисэхийн салбарт хэрхэн ашиглаж болох тухай хэлэлцэв.
  2. Мөн иргэний нисэхийн салбарын сургалтын тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ нисэхийн үйлдвэрлэлийн байгууллага, нэгжүүд, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч мэргэжлийн хойч үеийн хүний нөөцийн бодлогыг хэрхэн оновчтой удирдан зохион байгуулах, нэн ялангуяа шинэлэг сургалтын арга барил ашиглан шинэ үеийнхнийг сургах, төлөвлөх асуудлыг хэлэлцсэн нь энэхүү чуулга уулзалтын гол зорилго байв.
  3. Симпозиумын үеэр “Дэмжигч гишүүн”-ээр Камерун улсын сургалтын төв, БНХАУ-ын Horizon Aviation, Папуа Шинэ Гвиней улсын сургалтын төв, Саудын Арабын “Ханхүү Султаны нэрэмжит нисэхийн академи” нар элсэв. “Бүрэн эрхт” гишүүнээр Непал улсын иргэний нисэхийн сургалтын төв, Танзани улсын иргэний нисэхийн сургалтын төв нар гэрчилгээгээ хүлээн авсан бол “Бүс нутгийн хэмжээний сургалтын байгууллага”-аар Эл Салвадор улсын иргэний нисэхийн институт шалгарлаа. Шинээр 6 “Хамтрагч” байгууллага шинээр нэмэгдсэн нь:
      • IATA,
      • Eurocontrol,
      • Embry Riddle,
      • NRAI,
      • Buenos Aires,
      • Korea Aerospace University нар тус тус нэмэгдсэн.
  1. Симпозиумд дэлхийн иргэний нисэхийн салбарын томоохон төлөөллүүд болох Евроконтролыг төлөөлж ноён Алекс Ванделс, ICAO GAT Office Мешиша Белайнэ, IATA-Стефани Сиоуффи, Airports Council International (ACI) Кевин Карон, CANSO Ника Воорбах, European Union AviationSafety (EASA) Хавиер Виседо, JAATO Паула Алмейда, FAA Дебора Степенсон, Hong Kong International Aviation Academy Ричард Скиннер, Ватерлоогийн их сургуулиас Сюзане Кийрнс, Korea Aerospace University Мүүн гил Юүн зэрэг олон эрдэмтэн мэргэд, төлөөллүүд оролцож өөрсдийн бэлтгэсэн сэдвээр лекц уншив.
  2. Симпозиумын гол сэдэв “Шинэлэг технологи, инновацийг иргэний нисэхийн салбарт, тэр дундаа нисэхийн сургалтад хэрхэн ашиглах нь” уриан дор дараах сэдвүүдийг хэлэлцэв. Үүнд:
      • Иргэний нисэхийн хүний нөөцийн хөгжлийн стратеги, тэргүүн туршлага, шинэлэг технологи зэрэг нь салбарын бодлого, төлөвлөлт, сургалттай хэрхэн нийцэж байгааг зөв тодорхойлохын ач холбогдол, хэрэглээ;
      • Салбарын хүний нөөцийн хэрэгцээ 2037 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тухай, ялангуяа нисэгч, нислэгийн удирдагч, засвар үйлчилгээний ажилтан, нисэх багийн ажилтан бэлтгэх сургалтад тулгамдсан асуудлуудын тухай;
      • Дараагийн 20 жилд иргэний нисэхийн салбарын сургалтын хувьсал;
      • Агаарын тээврийг сонгон үйлчлүүлэх хүний тоо дараагийн 20 жилд 8.1 тэрбум болох тухай статистик тоо, мэдээлэл;
      • Хүн амын дундаж наслалт нэмэгдэх хэрээр нийт ахмад настнуудын тоо нэмэгдэх нь иргэний нисэхийн салбарт хэрхэн нөлөөлж буй таамаг;
      • Шинэ, өндөр чадавхтай боловсон хүчнийг аялал жуулчлал, эрүүл мэнд, мэдээллийн технологи, эрх зүй зэрэг бусад салбарт алдахгүй, иргэний нисэхийн салбарт хэрхэн элсүүлэх тухай зарим асуудлуудын талаар;
      • Технологийн хурдацтай хөгжлийг даган хувьсан өөрчлөгдөх эрх зүйн орчин, дүрмийн боловсруулалт;
      • Виртуал бодит орчин зэрэг өндөр технологийг сургалтын орчинд ашигласнаар үүсч болох давуу болон сул тал;
      • Нисгэгч, нислэгийн удирдагч зэрэг мэргэжлээр сургалт, дадлага явуулахад хиймэл оюун ухаан ашиглах боломжийн талаар;
      • Иргэний нисэхийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг зөв тодорхойлох, хэрэгжүүлэн ажиллах;
      • Сургалтын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын чадавх, чадамжийг нэмэгдүүлэх боломж нөхцөлүүдийг судалгаа, баримт дүгнэлтэд үндэслэн хийх, хэрэгжүүлэх.
  1. Глобал иргэний нисэхийн сургалтын байгууллага болон TRAINAIR PLUS хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
      • TRAINAIR PLUS хөтөлбөрийн үйл ажиллагаанд оруулах шинэчлэл, нэмэлт өөрчлөлт, тавигдах шаардлагууд;
      • Гишүүнчлэлд тавигдах шаардлага, жилийн хураамжид оруулах өөрчлөлт, онооны систем

НСТ-ийн төлөөлөгч симпозиумаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. TRAINAIR PLUS хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурал нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр симпозиум зохион байгуулагдах байранд зохион байгуулагдсан бөгөөд сургалтын төвийн Бүсийн дадлагажуурын нисэгч С.Бадрал зөвлөлийн гишүүний хувиар оролцон дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох үйл ажиллагаанд оролцов. Үүнд:

Ø Хурлаар хэлэлцэх асуудлуудыг батлав.

Ø ИКАО-аас TRAINAIR PLUS хөтөлбөрийн үйл ажиллагаа, хүрсэн түвшинг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мэдээлэв.

Ø Удирдах зөвлөлийн өмнөх хурлаар хэлэлцсэн асуудал, шийдвэрлэлтийн түвшинг тайлагнав.

Ø TRAINAIR PLUS хөтөлбөрийн 2019 оны үйл ажиллагааг хэлэлцэв.

Ø TRAINAIR PLUS хөтөлбөрийн 2019 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, 2020 оны орлого, зардлыг батлав.

  1. ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвийн үйл ажиллагаа, зохион байгуулагдаж буй сургалтын талаар танилцуулав.
  2. Мөн Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Аeronautical information management specialist” 021/122/AIS SPC сургалтын талаар танилцуулга, мэдээллийг бусад сургалтын гишүүн байгууллагуудад хүргэв.
  3. БНСУ-ын Korean Airports Corporation-аас гаргасан “Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн сургалтын байгууллагуудын холбоо” байгуулах тухай санаачлалын хүрээнд тус корпорацийн төлөөлөгчид болон Ази, Номхон далайн бусад улс орнуудын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, ази, номхон далайн иргэний нисэхийн салбарын сургалтын байгууллагуудын холбоо байгуулах боломж, нөхцөл, дүрмийн төсөлтэй танилцан санал солилцов.

 

 

Дүгнэлт:

  1. ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв нь ICAO-аас хүлээн зөвшөөрөгдсөн, тавигдах стандарт шаардлагыг нь хангасан сургалтын төв болохыг бататгаж, үйл ажиллагааг TRAINAIR PLUS хөтөлбөрийн гишүүн сургалтын байгууллагууд болон ICAO-ын гишүүн улс орнуудад таниулан сурталчилсан.
  2. TRAINAIR PLUS хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хуралд оролцож ажиллаа.
  3. Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Аeronautical information management specialist” 021/122/AIS SPC сургалт болон “Safety Management System for Practitioners” танхимын сургалтыг тус тус Монгол Улсад зохион байгуулах гэж байгааг мэдээлэн сурталчилж, бусад сургалтын байгууллагуудын багш нарыг хамрагдахыг уриалсан болно.
  4. Стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд зөвлөгөө авах, бусад орнуудын сургалтын байгууллагын туршлагыг судлах зэрэг олон практик үр дүнд хүрлээ.
  5. Бүс нутгийн хэмжээнд болон олон улсын түвшинд нэр хүндтэй нисэхийн сургалтын байгууллагуудын удирдлагуудтай биечлэн уулзаж, хамтарсан сургалт зохион байгуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх боломж олгосон, бүтээмж өндөртэй, мэдээлэл солилцох, хамтран ажиллах талд олон давуу талуудыг бий болгосон ач холбогдолтой глобал симпозиум болж өндөрлөлөө.