“МИНИЙ МЭРГЭЖИЛ- МИНИЙ БАХАРХАЛ” нисэхийн мэргэжлийн танилцуулга

Сурсан мэдлэг мэргэжлийнхээ ачаар хүн материаллаг болон оюуны баялгийг бүтээдэг. Ажил мэргэжлээ зөв сонгох, дуртай мэргэжлээрээ үр бүтээлтэй,зорилготой ажиллах нь амьдралын гараагаа эхэлж буй хүүхэд залуучуудын хувьд нэн чухал юм. Ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгож, сурч эзэмших нь ихээхэн цаг хугацааг хамарсан ээдрээтэй, бас амаргүй үйл явц байдаг.

Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжил, аялал жуулчлалын даяарчлал, эдийн засаг нийгмийн томоохон өөрчлөлтүүд гарсны хирээр тив алгассан аялал, зорчигчдын урсгал жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа нь дэлхий дахинд иргэний нисэхийн салбарыг  нийгэм, эдийн засаг, бизнесийн  голлох ажлын талбар болгож байна. Та бүхнийг агаарын хөлгөөр зорчиход олон ажил мэргэжлийн хүмүүс аяллын тань аюулгүй байдал, тав тухыг ханган ажилладаг.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн сургалтын төв нь 3 дах жилдээ хүүхэд залуучуудад чиглэсэн мэргэжил сурталчлах үйл ажиллагааг явуулж байна. Энэ удаад та бүхэндээ нисэхийн олон хариуцлагатай чухал мэргэжлүүдээс нисгэгч, нислэгийн удирдагч, агаарын хөлгийн инженер,  бүхээгийн ажилтан нарын цахим танилцуулгыг 2020 оны 05 дугаар сарын 25-нд ИНЕГ-ын фэйсбүүк хуудас мөн МСАА веб хуудсаар дамжуулан хүргэхээр болсныг дуулгахад таатай байна.