ICAO-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нисэхийн сургалтын төвд ажиллалаа

Нисэхийн сургалтын төв нь Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Аeronautical information management specialist” 021/122/AIS SPC стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр /STP/-ийг боловсруулж байна.

Энэхүү STP-ийн боловсруулалтын үйл явцыг хянах, үнэлэх, зөвлөгөө өгөх зорилгоор ICAO-ын итгэмжлэгдсэн шалгагч ноён Мостафа Хоумади нь Нисэхийн сургалтын төвд хүрэлцэн ирж 2016 оны 03 дугаар сарын 19-өөс 26-ны өдрүүдэд ажиллав.

Мостафа Хоумади нь ажиллах хугацаандаа STP-ийн боловсруулалтын явцыг үнэлж, түүнд тулгарч буй хүндрэлүүд болон цаашид хэрхэн үр дүнтэй, чанарын өндөр түвшинд боловсруулах арга зүйн талаар үнэтэй зөвлөгөө өгсөн.

Мөн ноён Мостафа нь STP-г боловсруулж буй ажлын хэсгийн бүтээмж, мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадавхийг өндрөөр үнэлж, ICAO-аас 10 сард хийхээр товлосон туршилтын сургалтын хугацааг урагшлуулж, 2016 оны 08 дугаар сарын сүүлээр хийхээр шинэчлэн баталгаажуулсан болно. Уг туршилтын сургалтын хугацааг урагшлуулсан нь сургалтын хөтөлбөрийг эцэслэн боловсруулах хугацааг мөн урагшлуулж байгаа тул ажлын хэсгийн гишүүдэд хугацаат үүрэг даалгавар, өндөр хариуцлага оногдож байгааг давхар уламжилсан байна.

STP боловсруулах ажлын явцыг хянаж, үнэтэй зөвлөгөөг өгч ажилласан ноён Мостафа нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Олон улсын нисэхийн сургалтын байгууллага /Global Aviation Training Office/-ийг үүсгэн байгуулагч бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл даргаар нь ажиллаж байсан. Түүний үндсэн мэргэжил нь нисгэгч, мөн эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй бөгөөд ICAO болон агаарын тээврийн байгууллагад тасралтгүй 40 жил ажилласан хүн юм. Тэрээр 1997 оноос хойш ICAO-д аудитор, даргын албан тушаалуудыг хашихийн зэрэгцээ Universal Safety Oversight Audit Program (USOAP)-д их хувь нэмэр оруулж, USOAP–ийн үйл ажиллагаа болон боловсон хүчнийг сургахад идэвхи зүтгэлээ гарган голлон ажилласан. Одоо тэрээр ICAO-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байна.

“Аeronautical information management specialist” 021/122/AIS SPC STP-г боловсруулж, ICAO-аар баталгаажуулснаар уг сургалтыг явуулж гэрчилгээ олгох ганц сургалтын байгууллага нь Нисэхийн сургалтын төв болох юм. Энэ нь Монгол улсын иргэний нисэхийн анхны Стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр байх бөгөөд гадаадын суралцагчдыг эх орондоо авчирч сургах боломж, эхний гараа болж байгаагаарай өндөр ач холбогдолтой юм.