COVID 19 БА СУРГАЛТ

COVID-19 буюу шинэ төрлийн короновирус хэмээн нэрлэгдэх цар тахал анх БНХАУ-ын Ухань хотод дэгдсэнээс хойш дэлхийн бараг бүх улс оронд  дамнан  тархаж улс орны эдийн засаг олон нийтийн эрүүл мэнд амь нас, айл өрхийн амьжиргааны баталгаанд ихээхэн эрсдэл учруулж байгаа билээ.

Ялангуяа аялал жуулчлал, агаарын тээврийн урсгал 2020 онд  50 гаруй хувиар буурсантай холбоотойгоор түүнээс олох  орлого ч мөн 50-60 хувь хүртэл буурсан гэсэн тооцоо гарч байна. Тиймээс өнөөгийн энэ тулгамдсан эрсдэлтэй үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнуудад зориулан гаргасан удирдамжийг сайтар мөрдөх ялангуяа аялал жуулчлал, агаарын тээврээр тархах цар хүрээг нь хязгаарлахад туслах нь чухал юм.

ICAO, ACI, CANSO, IATA, TIACA, WFP, ДЭМБ  байгууллагууд цар тахлын  ​​үр нөлөөг бууруулах зорилгоор бүх төвшинд шаардлагатай төлөвлөгөө гаргах, үе шаттай арга хэмжээг авах, хангах зорилгоор хамтран ажиллаж агаарын тээврийн аюулгүй аяллын талаарх тодорхой удирдамж гаргаж, цар тахлын хямралын үед иргэний нисэхийн холбоог дэмжиж байгаа олон янзын арга замын талаарх шинэчлэлт, мэдээллийг танилцууллаа. Мөн COVID-19 цар тахлын үеийн цуврал  Вебинар сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж, өөрсдийн чиглэлийн олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг оролцуулан заавар зөвлөмжийг хүргэж байна.

ИКАО гишүүн улс орнууддаа зориулан шинэ цар тахлын үед ажиллах удирдамж  гарган тахлын үед мөрдөх шаардлагатай заавар зөвлөгөөг  цаг тухай бүрд нь ирүүлж байсны зэрэгцээ ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу үйл ажиллагаа, хурал, семинар, уулзалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах, TRAINAIR PLUS  хөтөлбөрийн сургалтуудыг дижитал технологи ашиглан  виртуал хэлбэрээр явуулахаар  сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан гаргаж, зохион байгуулж байна.  COVID-19 цар тахлын үед хэрхэн цахим сургалтыг зохион байгуулах гэрчилгээ олгож болох талаарх гол ойлголтууд бүхий виртуал танилцуулгыг хүргэхийн зэрэгцээ сургалтын аргад богино хэмжээний видео бичлэг, интерактив асуулт хариулт, кейс судалгаа гэх мэт оруулж сургалтын виртуал орчинг сонирхолтой үр өгөөжтэй болгох зөвлөмжүүдийг цахим хэлбэрээр хүргэж байна.

Цаашид Виртуал цуврал зөвлөмжүүдэд тодорхой сэдвээр  тэргүүлэгч мэргэжилтнүүдийг урьж оролцуулан дэлхийн цар тахлыг хязгаарлах үеийн дагаж мөрдөх журам, нислэгийн аюулгүй байдал болон түүнтэй холбоотой сургалт, үйл ажиллагаанд тулгарах хүндрэл  бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар сургалтыг явуулахаар төлөвлөж байна.

Энэ нь цар тахал болон ижил төстэй хямралын үеийг хэрхэн даван туулах, хөнгөвчлөх, үйл ажиллагаа бизнесийн ашиг орлогоо сэргээхэд онцгой ач холбогдолтой юм. Үүнд мөн цар тахлын хумилт, хязгаарлалтын үеийн зохицуулалт, аюулгүй байдал, аюулгүй байдлын удирдлагын үнэлгээ зэрэг сэдвүүдэд анхааран ажиллах болно.

Коронавирус амьдрах чадвар сайтай, илүү тэсвэртэй тул устаж үгүй болох эсэх нь тодорхойгүй, томуугийн вирус шиг цаашид бидний амьдралд оршин байсаар байх магадлал өндөр байна. Эмчлэх арга, вакцин, эмийг туршиж байгаа ч одоогоор баталгаа өгөх боломжгүй гэдгийг эрдэмтэд сануулсаар байгаа энэ үед дэлхийн улс орон бүр боловсролыг удирдахад чиглэсэн өөр өөрийн шинэлэг стратегийг хэлэлцэж байна. Нисэхийн сургалтын байгууллагууд ч мөн 2020-2021 онд сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах талаар бусад орнуудын хэрэгжүүлж буй жишиг, шаардлагыг судалж, тодорхой шийдэл гаргах хэрэгцээ үүсч байгааг мэргэжлийн болон бодлогын хүрээнд анхаарч ажиллах нь чухал.

Нисэхийн салбарт тулгамдаж буй асуудал болох багшийн ур чадвар, сургалтын виртуал орчин, дижитал хэрэглэгдэхүүн ашиглан, суралцагчдад чанартай мэдлэг олгох дадлагажуулан хөгжүүлэхэд сайтар анхааран тодорхой шийдэлд хүрч виртуал сургалтын орчинг уламж үр өгөөжтэй, чанартай зохион байгуулахад үүднээс сургалтад видео хичээл, интерактив хичээлүүд, кэйс судалгаа хийлгэх, виртуал дадлагын орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь чухал юм.

Энэхүү товч мэдээллийг ИКАО-ын сүүлийн үеийн мэдээ мэдээлэлээс оруулав.

Вебинаруудыг үзэхийг хүсвэл доорх линкээр орно уу: