“АНГЛИ ХЭЛНИЙ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” сэдэвт цахим семинар амжилттай зохион байгуулагдлаа

Spread the love

ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа ерөнхий англи хэлний сургалтууд, нисэхийн мэргэжлийн англи хэлний сургалтын хэрэгцээ шаардлага сэдэвт цахим семинарыг ZOOM MEETING програмыг ашиглан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 14 цагт зохион байгууллаа. Тус цахим семинарт НСТ-ийн нийт бүрэлдэхүүн, ИНҮТ-ийн салбар нэгжүүд, агаарын тээвэрлэгч компаниудын сургалт хариуцсан албан тушаалтнууд оролцож нисэхийн англи хэлний сургалтыг оновчтой зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Семинарыг нээж Нисэхийн сургалтын төвийн менежер Б. Золбоо тус төвд зохион байгуулагдаж байгаа англи хэлний сургалт болон хөтөлбөрийн талаар товчхон танилцуулга хүргэж, нийт англи хэлний багш нар доорх сэдвийн хүрээнд танилцуулга мэдээллийг дэлгэрэнгүй хүргэв. Үүнд:

  1. НСТ-ийн англи хэлний сургалт явуулах анги танхим, тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчин.
  2. “Техник, технологийн шинэчлэлт-цахим шилжилтийн жил” болгон зарласантай холбогдуулан англи хэлний сургалтын цахим шилжилт, ирээдүйн чиг хандлага.
  3. Ерөнхий англи хэлний цахим сургалтын зохион байгуулалт.
  4. Нисэхийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөрүүд.
  5. Нисэхийн мэргэжлийн англи хэлний түвшин тогтоох шалгалтууд.

Хэлэлцүүлгийн эцэст сургалт үр дүнтэй явагдсаныг хэрхэн баталж, үнэлэлт дүгнэлт гаргадаг талаар болон ИКАО TRAINAIR PLUS-ийн сургалтыг НСТ-д зохион байгуулах боломж, сертификатын шаардлага, ялгаатай тал байдаг эсэх, мөн НСТ-д зохион байгуулагддаг Англо-континентал сургалтын байгууллагын TEAP шалгалтад хамрагддаг нисгэгч, нислэгийн удирдагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авдаг эсэх, TEAP, ELPAC тестүүдийн ялгаа, ELPAC шалгалтын танилцуулга сургалт зохион байгуулах зэрэг олон талын асуудлуудыг оролцогч талаас тавьсны дагуу холбогдох хариулт, мэдээллийг хүргэж цаашид 2022 оны төлөвлөгөөнд тусгах сургалтын санал, онлайн сургалтад хамрагдах хүсэлтээ ирүүлж хамтран ажиллахыг мэдэгдлээ.