Нисэхийн сургалтын төвд ИКАО-гийн сургалт зохион байгуулагдана

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-тай хамтран “Сургалтын хөтөлбөр боловсруулагч бэлтгэх” (TDC-Training Developers Course) сургалтыг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

ICAO-ийн Глобал иргэний нисэхийн сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч, сургалтын чиглэлээр олон жил зөвлөхөөр ажиллаж байгаа ахмад МОСТАФА ХОМАДИ удирдан багшлах бөгөөд тус сургалтад “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа” ХХК, ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба болон Нисэхийн сургалтын төв зэрэг алба салбаруудын нийт 15 ажилтан хамрагдаж байгаа билээ.

Сургалтад хамрагдагчид уг сургалтыг амжилттай төгссөнөөр ICAO-аас хүлээн зөвшөөрөгдсөн “Сургалтын хөтөлбөр боловсруулагч” сертификатыг эзэмшиж, цаашид стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр /STP/ боловсруулах эрхтэй болох, мөн алба салбаруудын сургалтын үйл ажиллагаанд чадамжид суурилсан сургалтын арга барил, тогтолцоог нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Нисэхийн сургалтын төв нь ICAO-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн жинхэнэ гишүүн байгууллага болох зорилгын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байгаагийн нэг нь энэхүү TDC сургалтыг зохион байгуулах явдал юм.

Цаашид ICAO-ийн сургалтын бодлого, холбогдох стандарт шаардлага, баримт бичгийн дагуу энэ төрлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж, сургалт бүрийн чанар, үр дүнг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.