ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Spread the love

    Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн жинхэнэ гишүүн Нисэхийн сургалтын төв нь Агаарын навигацийн үйлчилгээний газар, Хууль, эрхзүй, хамтын ажиллагааны газартай хамтран “TRAINING INSTRUCTORS COURSE PART 2 (TIC 2 EN)” сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс зохион байгуулж байна.

    Тав хоног үргэлжлэх уг сургалтад ИНҮТ-ийн АНҮГ-ын нийт 12 ажилтан хамрагдаж байгаа бөгөөд, орчин үеийн дэвшилтэт цахим технологийг уламжлалт танхимын сургалтын аргачлалтай хослуулан явагдаж байгаагаараа онцлогтой.

    Тус сургалтад хамрагдсанаар /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн дагуу гэрчилгээжих, стандартчлагдсан сургалтын багц хөтөлбөрөөр хичээл заах багшлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх, багшийн хөгжлийг дэмжих, сургалтын өндөр түвшний гарын авлага бэлтгэх чадвар эзэмших, олон улсын багшлах мэргэжилтний аргазүйг бүрэн эзэмших зэрэг олон талын ач холбогдолтой юм.

   Trainair Plus хөтөлбөрийн гол зорилго нь иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагаа, үр ашгийг тус салбарын ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын өндөр стандарт тогтоох, бэхжүүлэх, хяналт тавих замаар сайжируулахад оршино.