Тайландын иргэний нисэхийн сургалтын төв/CATC/-ийн аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг Монголд анх удаа

Spread the love

Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төв (CATC)-тэй хамтран зохион байгуулах “STP 052 Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-д орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчдыг сонгон шалгаруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус сургалтын нээлтийн үйл ажиллагааг   2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монголын цагаар 10 цагт виртуал хэлбэрээр зохион байгууллаа.

Тус нээлтийн үйл ажиллагаанд Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн захирлын үүргийг гүйцэтгэгч хадагтай  Pukkanut Makchuay нээж үг хэлсэн ба тэрээр тус төвийн 60 жилийн ололт амжилт болон гадны сургалтын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж өнгөрсөн жил ИКАО-ын бүсийн шилдэг сургалтын байгууллага болсноо дурдаж, мөн сургалтыг анх удаа өөрийн улс орондоо зохион байгуулж байгаа Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа онцлон илэрхийлэв.

Монголын талаас нээлтийн үйл ажиллагаанд Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс оролцож дэлхий нийтэд нүүрлэж буй цар тахлын энэ үед Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Аэродромын нислэгийн удирдагчийн сургалт (ADC)-051/052-сургалтыг зохион байгуулахад  хичээл зүтгэл гаргасан хоёр талын удирдлага болон багш ажилтнууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлж, суралцагчдад цаашдын сургалтын амжилтыг хүсэхийн зэрэгцээ CATC нь зөвхөн үндэсний төдийгүй бүс нутгийн агаарын тээврийн салбарын хэрэгцээг хангахуйц өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэдэг нэр хүндтэй нисэхийн сургалтын байгууллага гэдгийг онцлон, 1990-ээд оноос хойш нисэхийн боловсон хүчин, тэр дундаа Монгол улсын ИНЕГ-ын Нислэгийн удирдагчдыг бэлтгэх, сургахад чухал үүрэг гүйцэтгэснийг дурьдав.

Мөн тус сургалтад хамрагдсанаар, Аэродромын нислэгийн удирдагчын үндсэн мэдлэг ур чадвар эзэмших, дадлагажих зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд энэхүү 5 сарын хугацаанд шилдэг багш нараар удирдуулан хариуцлагатай сурахыг  суралцагч нарт онцлон анхаарууллаа.