АЭРОДРОМЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧААР ТӨГССӨН ЗАЛУУСТ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Spread the love

ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлуудыг шаардлагатай боловсон хүчнээр хангах зорилгоор Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран дотооддоо нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Өнөөдөр амжилттай төгсөгчдөд Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Аэродромын нислэгийн удирдагчийн гэрчилгээг гардууллаа. Тэд ийнхүү орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчийн дадлага хийн, дараагийн буюу ойртолтын нислэгийн удирдлагын сургалтанд хамрагдах эрхтэй болж байна.

Орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй 16 суралцагчийг сонгож шалгаруулж, Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан “Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын эхний хэсэг болох онолын хэсгийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд цахимаар зохион байгуулсан. Харин сургалтын 2 дахь хэсэг болох дадлагажуурын сургалт өнгөрөгч хоёрдугаар сард эхэлж, энэ сарын 27-нд дууссан юм.

Нислэгийн удирдагч гэдэг мэргэжлийг Монгол залуус хямд үнээр эх орондоо сурах боломж ийнхүү нээгдсэн. Өмнө нь Тайландад очиж суралцдаг байсан бол одооноос эх орондоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт авч, нисэхийн нарийн мэргэжил эзэмших боломжтой болсон юм.

Нисэхийн сургалтын төвөөс энэхүү сургалтын шаардлагыг хангасан орчинг бүрдүүлж, дадлагажуур болон анги танхимыг бэлтгэсэн бөгөөд Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн багш нар сургалтын хөтөлбөрийн дагуу хамтран зохион байгуулсан юм.