“TRAINАIR PLUS” ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХУГАЦААГ СУНГУУЛАВ

Spread the love

Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зорилгын хүрээнд 2012 онд ИКАО-ын “Trainair plus” хөтөлбөрт элсэн орж, 2016 оноос Жинхэнэ гишүүн байгууллагын шаардлагыг ханган гэрчилгээжиж, олон улсын сургалтуудыг зохион байгуулах эрхтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Олон улсын сургалтын байгууллага (GAT)-аас 3 жил тутамд гэрчилгээ сунгах аудит шалгалтыг хийдэг бөгөөд тус байгууллагын дарга Диаго Мартинез 2022 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10 бүлэг, 170 орчим асуулгын хүрээнд биечлэн шалгаж, НСТ-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн үл тохирол илрээгүй, “Хангалттай сайн” гэсэн үнэлгээг авсан.

НСТ-ийн “Trainair plus” хөтөлбөрийн гишүүнчлэлийн гэрчилгээг 2022.01.01-ний өдрөөс 2024.12.31-ний өдрийн хооронд 3 жилийн хугацаатай сунгаж, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2022 оны 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд ИКАО-аас зохион байгуулж буй “Олон улсын хэрэгжилтийг дэмжих (GISS2022) симпозиум”-ын гишүүн байгууллагуудын уулзалтаар гардан авлаа.

“Олон улсын хэрэгжилтийг дэмжих (GISS2022) симпозиум” нь Дэлхийн нисэхийн форум (IWAF), Олон улсын нисэхийн хамтын ажиллагааны симпозиум (GACS) болон Олон улсын нисэхийн сургалт (GAT)-ын хурлуудыг нэгтгэн нэг дор зохион байгуулж байгаагаар онцлогтой бөгөөд цар тахлын нөлөөллийг сэргээх, цаашид сургалтын чадавхыг бэхжүүлэх оновчтой арга замуудыг тодорхойлох, Trainair plus хөтөлбөрийн гишүүн байгууллагуудын түншлэлийн харилцааг бэхжүүлэх замаар сургалтын үйл ажиллагааг хамгийн оновчтой, үр дүнтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа чухал ач холбогдолтой хурал болж байна.