Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвд “Ойртолтын процедурын нислэг хөдөлгөөний удирдлагын сургалт”-ын (Approach Control Procedural STP 053) нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10-р сарын 10-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Уг сургалтын эхний хэсгийг Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн сургалтын төв болон Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төв хамтран Монгол улсад зохион байгуулсан билээ. Хагас жил үргэлжилсэн эхний хэсгийн сургалтад 15 суралцагч амжилттай суралцаж төгссөн бол дараагийн шатны сургалтад 6 суралцагч гүнзгийрүүлэн суралцаж эхлээд байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Тайландын талаас, Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга бөгөөд Сургалт эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Пансак Нерсай, тус сургалтын төвийн багш Тепибүн Жинапорн, Сунуторн Монтонг, Пий Сунантарод нар, Монгол улсыг төлөөлөн Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс, багшлагч мэргэжилтэн С.Бадрал, мөн түүнчлэн сургалтад хамрагдах суралцагчид оролцов.
Нээлтийн үйл ажиллагаанд талуудын төлөөлөл хоёр байгууллагын хамтын үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн тэлэх, сургалт дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар идэвхийлэн ажиллаж байгааг цохон тэмдэглэж, суралцагчдад баяр хүргэн, сурлагын амжилт хүсэн ерөөв.